Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай билээ. Өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон имт гэрчилдэг. XIII зууны монголчуудын тухай Персийн түүхч Рашид-ад-Дин: “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг залган санаж, төрсөн үр хүүхэддээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж бичиж байв.